Sunday, July 19, 2015

Worth of double-checking

Ажилд ороод их зүйлийг л сурч байна даа. Ажлын байрны стресс, ажлын эргэлзээг харгалзахгүйгээр энэ ажлыг хийснээр би юу олж мэдэв гэдгийг бага багаар бичихээр шийдлээ. Дараа нь илүү хянамгай, ухаалаг байхын төлөө.
1. Заавал давхар шалга
Гээд бодсон чинь арван жилд шалгалт өгч байсан санаанд орчлоо, цаг илүү гарвал хариултаа давхар шалгаж байгаарай гэхэд манай ангийн нэг банди "яршиг аа, шалгахаар алдаа гарч ирээд байдаг юм" гэж билээ. Уг нь алдаа гарч ирж байгаа бол тэрийгээ засаад арай сайн оноо авахаа бодно биз дээ. Манайхны бас нэгэн хэнэггүй зан л даа. За яахав болно л биз, ингээд яваад болоод байдаг юм гэсэн байрнаас хандвал амжилт бас л танд хэнэггүй загнах байх шүү. Би өөрөө бас хэнэггүй зантай, тийм болохоор өөрийнхөө энэ занг засах гэж хичээж л байгаа.
Албан бичиг явуулахдаа, хүнд амлалт өгөхдөө, харилцагчид мэдээлэл өгөхдөө, ер нь өөрөөс чинь гарч байгаа үгс бүхэнд чи хариуцлага хүлээх учраас эхлээд заавал мэдээлэл бүрийг давхар шалгаж, үнэн бодитой эсэхийг тодруулаарай.
Нэг жишээ хэлэе, би саяхан нэгэн захиалгыг харилцагчдаа маргааш бүрэн гарна гэж ам гарсан билээ. Учир нь энэхүү бүтээгдэхүүнийг хариуцдаг нярав нь надад тэгж хэлсэн байлаа. Гэтэл зарим нэг бүтээгдэхүүн дутуу байгаагаас гадна, маргааш биш нөгөөдөрт багтан гарна гэдэг нь ч эргэлзээтэй болоод явчихлаа. Ийм тохиолдолд би хэнэггүй зан гаргаж, давхар шалгаагүйгээс харилцагчид буруу мэдээлэл хүргүүлсэн ба энэ нь манай компанийн үнэлэмжийг бага багаар бууруулах шалтгааны нэг болж байгаа юм.